Монгол Улсын Их Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар Банкны тухай хуулийн 53-61 дүгээр зүйлд орсон нэмэлт, өөрчлөлтөөр банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний зарчим, хамрах хүрээ, арга хэрэгсэл, санхүүжилт зэргийг нарийвчлан зохицуулсан.
Банкны тухай хуульд зааснаар банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг (1) салбарын тогтвортой байдлыг хангах, (2) төрөөс гарах зардлыг бууруулах, (3) харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зарчмын дагуу төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэн, мөн хэвийн үйл ажиллагааг цаашид хангах боломжгүй болсон банк, түүний нэгдлийн хүрээнд авч хэрэгжүүлнэ.
Монголбанк энэхүү зорилго, зарчим, үндэслэлийн дагуу бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхдээ (1) банкны хөрөнгө, өр төлбөрийг худалдах, шилжүүлэх, (2) тусгай зориулалтын банк байгуулах (3) хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх, (4) өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлэх гэсэн арга, хэрэгслийг ашиглана.
Монголбанкнаас Банкны тухай хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу банкны системд нөлөө бүхий банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тохиолдолд банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, системд ач холбогдол бүхий үйл ажиллагаа (critical function)-ны тасралтгүй байдлыг хангах, татвар төлөгчдийн мөнгө буюу төрөөс гарах зардлыг бууруулах зэрэг эерэг үр дагавар, ач холбогдолтой.