Дэлхийн санхүүгийн хямрал (2008-2009)-ын дараа улс орнуудын төр засаг, олон улсын хамтын байгууллагууд банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээнд онцгой анхаарал хандуулж, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, зорилго, үндэслэл, арга хэрэгслийг оновчтой болгох ажлыг тасралтгүй гүйцэтгэж байна. Үүний үр дүнд тус арга хэмжээ нь олон улсын хэмжээнд харьцангуй өндөр түвшинд судлагдаж, сайн туршлагад үндэслэсэн зөвлөмж, зөвлөгөө, шийдэл нэмэгдсээр байна.
Их-20 (G-20)-ийн байгуулсан Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (FSB)-өөс 2011 онд гаргасан “Санхүүгийн байгууллагын үр дүнтэй бүтцийн өөрчлөлтийн голлох зарчмууд” (“Key Attributes of Effective Resolution Regimes for Financial Institutions-KA)” гэх бодлогын баримт бичгийг баталж, улс орнуудын санхүүгийн салбарт хэрэгжүүлэх бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний тогтолцооны талаар баримтлах суурь зохицуулалтын баримт бичиг болгон даган мөрдөж эхэлсэн.
Дэлхийн улс орнууд энэхүү бодлогын баримт бичгийн дагуу дотоодын үндэсний хууль журам, бүтцийн өөрчлөлтийн тогтолцоог үүсгэсэн байдаг. Европын Холбоо дээрх баримт бичигт үндэслэн холбооны хэмжээнд дагаж мөрдөх Bank Recovery and Resolution Directive (BRRD) банкийг тогтворжуулах болон бүтцийн өөрчлөлтийн зааварчилгааг 2014 онд батлан, 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дагуу Европын Холбооны гишүүн болон гишүүн болохыг горилогч орнууд, Европын стандартыг дагаж мөрддөг олон улс орнууд дотоодын хууль тогтоомжоо дээрх бодлогын баримт бичигт нийцүүлсэн бүтцийн өөрчлөлтийн тогтолцоог бүрдүүлсэн байдаг.
Харин Монгол Улсад 2018 оны Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дээрх бодлогын баримт бичигт тусгасан бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний тогтолцоог илүү сайжруулахаар зохицуулалт, арга хэрэгслийг нэмсэн бөгөөд өнөөг хүртэл олон улсын шилдэг туршлагыг үе шаттайгаар нэвтрүүлсээр байна. Энэ хүрээнд 2021 онд баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зарим сайжруулалтыг хийж Монгол Улсын банк санхүүгийн салбарын онцлогт нийцүүлэн, ололт амжилт болон өнгөрсөн үеийн сургамжийг тусгасан бөгөөд энэ ажил цаашид ч үргэлжлэн Монгол Улсын банк санхүүгийн байгууллагын төлөвшлийн үе шаттай уялдуулан дараагийн үеийн өөрчлөлтийн хийх хэрэгцээ шаардлага үүсээд байна.
“Санхүүгийн байгууллагын үр дүнтэй бүтцийн өөрчлөлтийн голлох зарчмууд” (“Key Attributes of Effective Resolution Regimes for Financial Institutions-KA)” нь бүтцийн өөрчлөлтийн тогтолцоог үнэлэхтэй холбоотой дараах хүчин зүйлсүүд хамардаг. Үүнд:
- Бүтцийн өөрчлөлтийн зорилго;
- Бүтцийн өөрчлөлт хийх эрх бүхий этгээд;
- Бүтцийн өөрчлөлт хийх шийдвэрийн үндэслэл, хамрах хүрээ, хангах нөхцөл;
- Бүтцийн өөрчлөлтийн арга хэрэгсэл;
- Бүтцийн өөрчлөлтийн стратеги болон төлөвлөгөө;
- Дотоодын бусад байгууллагатай хамтран ажиллах зохион байгуулалт;
- Гадаадын бусад байгууллагатай хамтран ажиллах зохион байгуулалт.