A-
A
A+

Macroprudential Policy

Макро зохистой бодлогын стратеги

2018 оны 1 дүгээр сард Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж Монголбанк макро зохистой бодлого хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэнтэй холбогдуулан зарим улс орны сайн туршлага, олон улсын байгууллагуудын зөвлөмжид тулгуурлан "Монгол Улсад макро зохистой бодлогын тогтолцоог бүрдүүлэх стратеги"-ийг боловсрууллаа. Тус стратегид Монгол Улсад хэрэгжүүлэх макро зохистой бодлогын зорилго болон түүнд хүрэхэд ашиглагдах арга хэрэгслүүд, институцийн зохион байгуулалт, бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд баримтлах ерөнхий зарчмуудыг тодорхойлсон болно.

Макро зохистой бодлогын үүсэл, хөгжил

Урт хугацаанд тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн чухал суурь нөхцөл нь макро эдийн засгийн тогтвортой байдал юм. Макро эдийн засгийн тогтвортой байдал гэдэг нь дотоод тэнцвэр буюу бүрэн ажил эрхлэлттэй үеийн үнийн тогтвортой байдал болон гадаад тэнцвэр буюу төлбөрийн тэнцлийн тогтвортой байдал урт хугацаанд хангагдахыг хэлнэ. 2008 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас хойш микро зохистой бодлогоос гадна макро зохистой бодлогын хэрэглээ, түүний ач холбогдол ихээхэн нэмэгдсэн юм.

Макро зохистой бодлого гэж юу вэ?

Макро зохистой бодлого гэдэг нь санхүүгийн нийт системийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн бодлогын цогц арга хэмжээ юм. Энэхүү бодлогын үндсэн зорилт нь хуримтлагдаж буй системийн эрсдлийг хязгаарлах замаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, системийн эрсдэл нэгэнт үүсэх нь тодорхой болсон тохиолдолд түүнд бэлтгэлтэй байх болон тэрхүү эрсдлэлийг алдагдал багатайгаар туулах явдал юм.

Макро зохистой бодлогын үндсэн арга хэрэгслүүд

Макро зохистой бодлогын гол хэрэгсэл нь системийн эрсдлийг удирдах зорилго бүхий зохистой харьцааны үзүүлэлтүүд байдаг. Тухайн улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйд тулгарч болзошгүй эрсдэлээс хамааран улс орнууд макро зохистой арга хэрэгслээс сонголтоо хийн хэрэгжүүлдэг. Макро зохистой бодлогын үндсэн хэрэгслүүдийг эдийн засгийн үзүүлэлтүүдтэй уялдуулан Хүснэгт 1-д харуулав.

Хүснэгт 1. Зарим макро зохистой үзүүлэлтүүд ба МЗБХ-үүд

Бодлогын хэрэгслүүд Боломжит үзүүлэлтүүд
Өөрийн хөрөнгөд суурилсан хэрэгслүүд
Мөчлөг сөрсөн өөрийн хөрөнгийн нөөц Зээлийн мөчлөг
Динамик эрсдэлийн сан Банк тус бүрийн зээлийн өсөлт, эрсдэлийн сан
Өөрийн хөрөнгийн шаардлага /салбараар/
  • Зээлийн өрийн үлдэгдэл, шинээр олгосон зээл салбаруудаар: банк хооронд, санхүүгийн бус хувийн салбар, өрх гэх мэт;
  • Салбарын төвлөрлийн үзүүлэлтүүд;
  • Үл хөдлөх хөрөнгийн үнэ (хөрөнгө оруулалтын болон орон сууцны, шинэ болон хуучин);
  • Орон сууцны үнэ, түрээсийн харьцаа;
Хөрвөх чадварт суурилсан хэрэгслүүд
Мөчлөг сөрсөн хөрвөх чадварын шаардлага
  • Богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа (liquidity coverage);
  • Тогтвортой санхүүжилтийн харьцаа (NSFR);
  • Хөрвөх чадвар бүхий актив, нийт активын харьцаа;
  • Хөрвөх чадвар бүхий актив, богино хугацаат өр төлбөрийн харьцаа;
  • Зээл-хадгаламжийн харьцаа;
  • Хүүгийн зөрүү;
Зах зээлийн маржин ба хямдруулалт (haircut)
  • Маржин ба хямдруулалт;
  • Авах-зарах үнийн зөрүү;
  • Хөрвөх чадварын үнэ (liquidity premium);
  • Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын хөшүүрэг;
Активт нөлөөлөх хэрэгслүүд
  • Зээл-үнэлгээний харьцаа (LTV);
  • Өр-орлогын харьцаа (DTI)
  • Үл хөдлөх хөрөнгийн үнэ (хөрөнгө оруулалтын болон орон сууцны, шинэ болон хуучин);
  • Орон сууцны үнэ, түрээсийн харьцаа;
  • Орон сууцны зээлийн өсөлт;
  • Өрхийн эмзэг байдлыг илэрхийлэгч үзүүлэлтүүд;

Эх сурвалж: Committee on the Global Financial System (2012).

Макро зохистой бодлого, түүний хэрэгжилт

  • Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар иргэдийн өрийн дарамтыг хязгаарлаж улмаар санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх зорилгоор банкнаас олгох иргэдийн хэрэглээний зээлд Өр-орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоож, 2019 оны эхнээс мөрдүүлэх шийдвэр гаргасан.
  • Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар зээл хурдацтай өсч, өрхийн өр, импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоож, 2019 оны 1 сарын 1-нээс мөрдүүлэхээр тогтсон байна. Түүнчлэн гадаад валютын орлогогүй, валютын ханшийн эрсдэлийг удирдах бололцоо хязгаарлагдмал иргэн, ААН, байгууллагад гадаад валютын зээл олгох нь эдгээр харилцагчдын өрийн дарамтыг нэмэгдүүлээд зогсохгүй, санхүүгийн систем болон эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх тул санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс иргэд, ААН-д олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 150% болгон нэмэгдүүлж, 2019 оны 1 сарын 1-нээс мөрдүүлэхээр тогтов.
  • Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар сүүлийн жилүүдэд хурдацтай өсч, өндөр түвшинд хүрсэн хэрэглээний зээл, иргэдийн өрийн дарамтыг цалингийн өсөлттэй уялдуулан аажмаар бууруулах зорилгоор тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 60 хувиар шинэчлэн тогтоох шийдвэр гаргасан байна.