Монголбанк

Буцах

Б.Одонтунгалаг: Санхүүгийн мэдлэг боловсрол залилан луйврын эсрдэлээс ч хамгаалдаг

Огноо: 2022/11/16

Цахим залилах гэмт хэрэгтэй тэмцэх, иргэд олон нийтийг хохирогч болохосс сэргийлэх зорилгоор “Unsend-Бүү шилжүүл” аяныг Цагдаагийн байгууллагаас төрийн байгууллагууд болон банкны салбартай хамтран хэрэгжүүлж эхлээд байгаатай холбогдуулж тус аяны оролцогч Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагаас дараах тодруулгыг авлаа.

Цахим залилангийн гэмт хэрэг нийгмийн анхааралд хүрэхүйц түвшинд хүрч буйг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Монголбанк энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулдаг нийгмийн аянуудад идэвхтэй оролцож ирсэн нь үйл ажиллагаа чиглэл, зоригын хувьд хэрхэн холбогддог вэ?

Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах,  гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг багасгах,  санхүүгийн болон хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор санхүүгийн залилангаас урьдчилан  сэргийлэх аян, арга хэмжээг 2020 оноос эхлэн Монголбанк, ЦЕГ, МБХ болон арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлж байна. Төв банкны тухай хуульд хадгаламж эзэмшигчийн эрх агшийг хамгаалах талаарх заалт байдаг. Энэ хүрээнд олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран шат дараатай ажлуудыг хийн ажиллаж байна. Иргэдийн эдийн засгийн   болон санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх ажил нь Монголбанкны анхаарч байгаа зорилтуудын нэг юм.

Иргэд санхүүгийнхээ найдвартай байдлыг бусдад алдахгүй байх асуудал нь санхүүгийн мэдлэг боловсрол олгох сургалт үйл ажиллагаанд хэрхэн хамаардаг вэ?

Санхүүгийн луйвар, залилан нь иргэдийн заавал мэдэж байх ёстой санхүүгийн суурь мэдлэгт багтдаг үндсэн сэдвүүдийн нэг юм. Энэ сэдвийн хүрээнд санхүүгийн хэрэглэгчийн эрх үүрэг, санхүүгийн залилан луйврыг яаж таньж, мэдэх, фишинг буюу цахим хадлагын луйварт өртөхгүй байхын тулд юуг мэдвэл зохих, хэрэв хохирогч болсон тохиолдолд хаана хэрхэн хандах гээд цогц байдлаар мэдлэг, мэдээллийг өгдөг. Өнөөгийн нөхцөл байдлаас үзэхэд иргэд олон нийтийг энэ төрлийн мэдлэг мэдээллээр хангах хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага хэрэгцээ өндөр байна. Тодруулбал, Монгол Улсад “залилах” гэмт хэрэг буюу санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэд санхүүгээрээ зогсохгүй, сэтгэл зүйн хувьд ч тэр бүх цаашлаад өөр олон талын хохирлыг амсдаг. ЦЕГ-ын тайлан мэдээнд залилах гэмт хэрэг 2022 оны эхний 10 сарын байдлаар нийт гэмт хэргийн 32.8 хувийг эзэлж байгаа нь яахын аргагүй анхаарал татах түвшинд хүрснийг харуулж байна. Тийм учраас төрийн болон төрийн бус байгууллагууд олон нийтэд чиглэсэн зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллахад хамтран оролцох нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь дан ганц цагдаагийн байгууллагаас хамаарах ажил биш болохыг энэ төрлийн аянуудын үйл ажиллагаа нэгэнт харуулж байгаа нь нөгөө талаас ялангуяа, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад ахиц гарч буй сайн нөлөөг үзүүлж байна.

Цахим орчин хүний амьдралын салшгүй нэг хэсэг болсны хувьд үүнд сайн тал ч бий, муу тал ч бийг цахим залилангийн гэмт хэрэг харуулж байгааг энэ аяны хүрээнд иргэд олон нийт илүүтэй таньж мэдэх боломжийг олж харж байна гэж ойлгогдож байна. 

Тиймээ. Тантай хэлсэнтэй санал нэг байна. Мэдээлэл, технологийн хурдацтай хөгжил нь төлбөр тооцооны хэрэгсэлд амжилттай нэвтэрч, хэрэглэгчдийн цаг хугацааг  хэмнэж, хэрэглээг улам бүр хялбарчилж буй сайн талтай ч нөгөө талдаа мэдээллийн аюулгүй, хянамгай байдлыг илүүтэй шаардаж байна. Монгол Улсын хэмжээнд 2022 оны 2-р улирлын байдлаар нийт 4,4 сая гаруй банкны карт байгаагаас идэвхтэй ашиглагдаж байгаа нь 2.2 сая юм. Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг  ихэнхдээ урдчилсан төлбөр шилжүүлэх,  хүмүүс картаа бусдад ашиглуулах, хувийн мэдээлэл болон нууц кодоо алдах, фэйсбүүк хаягийг нь эвдэж ороод, ойр орчмых нь хүмүүс рүү мөнгө гуйсан мэссеж явуулдаг залилан луйврын  гаралт идэвхтэй  хэвээр байгааг цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллүүдээс харагдаж байна. Иргэд  хууль эрх зүйн болон санхүүгийн мэдлэг дутмагаас мэдээллийг нягтлахгүйгээр энэ төрлийн гэмт хэрэгт өртөх нь элбэг тохиолддог.  Ер нь санхүүгийн бүтээгдэхүүн олширч байгаатай холбогдуулан тухайн бүтээгдэхүүнийхээ талааха мэдээллийг сайн авч байх нь чухал.

Тодруулгын төгсгөлд UNSEND аяны хүрээнд манай уншигчдад хандаж зөвлөгөө өгөхийг хүсч байна. 

Залилан луйвар өөрөө дандаа санхүү, эдийн засгийн бодитой хохирол үлдээж байдаг учраас  цаашид иргэд амар хялбар аргаар санхүүгээ нэмэгдүүлэх гэхээсээ илүү мэдээллийг нягтлах, заавал эх сурвалжаас нь тодруулж байх, хамгийн гол нь энэ талын мэдлэг, мэдээллээ сайжруулах нь охирогч болохоос өөрийгөө хамгаалж буй хэрэг юм.  Санхүүгийн залилангаас урдчилан сэргийлэх чиглэлээр зөвхөн төрийн болон холбогдох байгууллагууд хамтран  ажиллаж байгаа хэдий ч хангалттай биш,  хамгийн гол нь иргэдийн санхүүгийн мэдлэг, мэдээлэл,  санхүүгийн харилцаанд орох зөв дадал, хэвшил нь хамгийн сайн хамгаалалт болно гэдгийг хэлэх нь зүйтэй байх гэдгийг дахин тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Бид  энэхүү UNSEND аянаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээ, цахим орчноор дамжуулан олон нийтийг зөв мэдээ, мэдээллээр хангахыг чухалчилж байна. Хангалтай таньж мэдээгүй хүнтэй санхүүгийн харилцаа үүсгэхээс сэрэмжилж, баталгаагүй бол мөнгөө бүү шилжүүлээрэй. 

Ярилцсанд баярлалаа.

 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.