Буцах

Орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгууллаа

Огноо: 2018/02/06

Монголбанк орон нутгийн сэтгүүлчдийн холбоотой хамтран Төв банкны үйл ажиллагааг танилцуулах сургалт, уулзалтыг зохион байгуулав. Сургалтад орон нутгийн сэтгүүлчдийг төлөөлж 50 гаруй сэтгүүлч хамрагдлаа. Монголбанк орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан сургалтыг 2016-2017 онд хөдөө орон нутгийн иргэдтэй хийх бүсчилсэн уулзалтуудаар зохион байгуулж ирсэн ба өөрийн төв байрандаа анх удаа энэхүү сургалт уулзалтыг зохион байгуулж байна.

Хүрэлцэн ирсэн нийт сэтгүүлчдэд зориулж, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тэрээр “Мөнгө бол улс орны тусгаар тогтнолын амин урсгал. Хүнээр бол гүйх цус нь. Энэ урсгалыг тасалдуулахгүй, жигд хангаж, хүртээмжтэй байлгахыг Монголбанк хариуцдаг гэсэн үг. Энэ бол мөнгөний бодлого юм. Хүн бүхний амьдралыг залгуулж байгаа мөнгөний бодлогын хэрэгжилтийг хэн ч бай  мэддэг, хөндлөнгөөс хяналт тавьж, шүүмжилж чаддаг байж гэмээ нь манай улсын санхүү, эдийн засаг тогтвортой, жигд өсөлтөөр хангагдах суурь нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлого ил тод нээлттэй, улс төрөөс хараат бус байх хэрэгтэй юм. Эдийн засгийн өндөр өсөлттэй, хөгжингүй орнуудад ийм л мэдлэг иргэн бүрт нь  тогтсон байдаг. Үүн тийш Монголбанк зорьж байна. Тийм ч учраас Монголбанк иргэдийн санхүүгийн боловсролд анхаарч, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг хууль эрх зүйн хувьд улам бүр төгөлдөржүүлэхээр санаа тавин ажиллаж байна“ гэсэн юм.

Энэ үеэр сэтгүүлчдэд Монголбанкны газар хэлтсийн захирлууд Монголбанкны үндсэн үндсэн үйл ажиллагаа, хууль эрх зүйн  шинэчлэл, гадаад валютын ханшид Монголбанк хэрхэн оролцдог болох, Монголбанкны алт худалдан авах үйл ажиллагаа, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах аяны хэрэгжилт зэрэг зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, сонирхсон асуултуудад нь хариулт өглөө.

Монголбанк орон нутгийн сэтгүүлчдэд эдийн засгийн мэдлэг олгох сургалтыг жил бүр зохион байгуулах юм.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.