Монголбанк

Буцах

Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн мэдлэг олгох сургагч багш нарт батламж гардууллаа

Огноо: 2022/03/21

Санхүүгийн тогтвортой байдлыг дунд болон урт хугацаанд хангах, санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувийн болон бизнесийн санхүүгээ зөв удирдах хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөө”-г Монголбанк, ХХААХҮЯ хэрэгжүүлж байна. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Жижиг, дунд үйлдвэрийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Насан туршийн боловсролын үндэсний төв, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монголын банкны холбоо зэрэг байгууллагууд хамтран оролцож байна. Тус хөтөлбөрийн хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн мэдлэг олгох сургагч багш бэлтгэх 4 хоногийн сургалтыг Монголбанканд амжилттай зохион байгуулж, суралцагсдад сургагч багшийн батламж гардууллаа.

Батламж гардуулах ажиллагаанд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энтайван оролцож, хэлсэн үгэндээ: Монгол Улсад 2020 оны байдлаар бүртгэлтэй 190,830 аж ахуйн нэгжээс 94,492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 67 хувь буюу 64,252 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч, нийт ажиллах хүчний 52,5 хувь буюу 614,346 хүн жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 17,8%, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний 2,4 хувийг үйлдвэрлэж байна.  Жижиг, дунд үйлдвэрийн салбарын 43,236 аж ахуй нэгж нь нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байна.  Ажиллах хүчний тоогоор авч үзвэл жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн 93.1 хувь нь 1-9 ажилтантай, 6.3 хувь нь 10-49 ажилтантай, 0,6 хувь нь 50-199 ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна. Эндээс харахад бид энэ салбарт зайлшгүй анхааралаа хандуулах үүднээс энэхүү дунд хугацааны төлөвлөгөөг хамтран  хэрэгжүүлж байна. Энэ дунд хугацааны төлөвлөгөөний зорилго нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны давхардлыг арилгаж харилцан уялдааг хангах, үр дүнг нэмэгдүүлэх замаар эдийн засаг болон санхүүгийн салбарын тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулна хэмээн онцоллоо.

Тус төлөвлөгөөг хэрэгжүүлснээр бичил, жижиг, бизнес эрхлэгчдийн санхүүгийн сахилга бат сайжирч, санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадвар дээшилж, зөв хөрөнгө оруулалт хийж, бизнесээ өргөжүүлэн цаашлаад Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлт хөгжилд бодитой хувь нэмэр үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм.

Фото зураг: 

 


 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.