2017.04.03 Буцах

Төв банкны хариуцлагыг өндөржүүлнэ



ОУВС-гийн хөтөлбөр болон түүний үр дүн, эдийн засгийн дунд хугацааны төлөв байдлын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ярилцлаа.

- ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах шалтгаан юу байв?

Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн макро эдийн засгийн оновчгүй бодлого, тэр дундаа төсөв, мөнгөний бодлогын сахилга бат алдагдсан, засаглалын сул тал, эдийн засгийн гадаад орчин таагүй буюу түүхий эдийн үнэ буурсан зэргээс шалтгаалаад манай улсын өрийн тогтвортой байдал алдагдаж, төсөв, төлбөрийн тэнцлийн хүндрэлд орсон. Энэ хүндрэл даамжирсаар Монгол Улс төсвийн алдагдал, гадаад өр төлбөрөө төлөх эх үүсвэрийн дутагдалд ороод байна.

Иймд уг нөхцөл байдлыг арилгах, эдийн засгийг тогтворжуулах зорилгоор Засгийн газар ОУВС-д “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Монгол Улсад хэрэгжүүлэх хэлэлцээрийг эхлүүлэх хүсэлт тавьсан. Ингээд бид 6 сар гаруй хугацаанд хэлэлцээр хийж, өнгөрсөн 2 дугаар сарын 19-ний өдөр ОУВС-тай ажлын хэсгийн түвшинд хөтөлбөр хэрэгжүүлэх тохиролцоонд хүрээд байна.

- Уг хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр дүнд хүрэхээр байгаа вэ?

Хөтөлбөрийн хүрээнд бид төсөв, мөнгө, санхүүгийн салбар болон эдийн засгийн өрсөлдөх чадвар, төрөлжилтийг дэмжих үндсэн 4 чиглэлээр бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд төсвийн алдагдал буурч, өрийн тогтвортой байдал хангагдах, санхүүгийн салбарын эрсдэл даах чадвар сайжирч, улмаар эдийн засаг тогтвортой өсөх орчин бүрдэх юм. Уг бодлогын цогц арга хэмжээнд дэмжлэг болгож олон улсын санхүүгийн байгууллагууд, хандивлагч орнуудаас манай улсад 5.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг хөнгөлөлттэй, урт хугацааны зээл хэлбэрээр олгоно.

Хөтөлбөрийн бодит үр дүн 2018 оноос эхлэн гарна. Бидний ОУВС-тай хамтарч хийсэн төсөөллөөр эдийн засгийн өсөлт 2018 онд 1.8 хувь, 2019 онд 8.1 хувьд хүрч өсөхөөр байгаа бол төсвийн алдагдал 2017 онд ДНБ-ий 9.4 хувь, 2018 онд 7.3 хувьд, 2019 онд 4.9 хувьд болж буурахаар байгаа. Мөн гадаад валютын нөөц 2019 он гэхэд импортын 6.1 сарын хэрэгцээг хангах буюу 3.5 тэрбум ам.долларт хүрч нэмэгдэх, зээлийн өсөлт ирэх хоёр жилд 10-11.3 хувьд хүрч өсөх эерэг үр дүн харагдах юм.

- Хөтөлбөрийн хугацаанд Монголбанк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлнэ гэж зарим эдийн засагчид харж байна. Энэ хэр үндэслэлтэй бол?

Хөтөлбөрт хамрагдсанаар Монголбанк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлнэ гэж ойлгож болохгүй. Бид ОУВС-тай мөнгөний оновчтой бодлого хэрэгжүүлнэ гэж тохиролцсон байгаа. Ингэхдээ хувийн хэвшил, бизнесийн орчныг дэмжсэн, төсвийн бодлоготой уялдаатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл бидэнд бодлогын орон зай гарвал бодит эдийн засгаа дэмжих зорилгоор мөнгөний бодлогыг зөөллөх буюу хүүг бууруулах арга хэмжээ авна. Үүнийг өнгөрсөн 3 дугаар сарын 17-ны өдөр хуралдсан Мөнгөний бодлогын зөвлөлөөс гаргасан мэдэгдлээс харж болно.

- Та мөнгөний оновчтой бодлого баримтлана гэлээ. Гэтэл Монголбанкны 3-р сарын Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг өөрчлөхгүй байхаар шийдвэр гарсан. Ямар шалтгаан, үндэслэлээр бодлогын хүүнд өөрчлөлт оруулаагүй вэ?

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөр бид бодлогын хүүг бууруулах эсэх талаар хэлэлцэж, хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Эдийн засагт бодлогын хүүг бууруулах үндэслэл инфляцийн төлөв байдал, эдийн засгийн өсөлт сул байгаа зэргийг харгалзан үзвэл байсан. Гэвч эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал буурах, УИХ-аар 2017 оны төсвийн тодотгол, ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр хөтөлбөрийг хэлэлцэх хүртэл хугацаанд бид бодлогын хүүг хэвээр хадгалахаар шийдсэн.

Эдийн засгийн гадаад орчны тодорхойгүй байдал гэдэгт түүхий эдийн үнэ, эрэлтийг авч үзэж байгаа юм. Манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн зэс, нүүрсний үнэ 2016 оны сүүлийн хагаст дэлхийн зах зээлд өсч, үүнтэй зэрэгцээд валютын орох урсгал нэмэгдсэн байгаа. Энэ нь валютын нөөц, төгрөгийн ам.доллартай харьцах ханшинд эерэг нөлөө үзүүлсэн. Гэвч уг үнийн өсөлт нь БНХАУ, АНУ-ын Засгийн газар, төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын нөлөөгөөр хадгалагдах эсэх нь тодорхойгүй байна. Дотоод орчин талаасаа мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонх УИХ-аар хэлэлцэгдэх төсвийн тодотгол, ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрийг харгалзан үзэж бодлогын шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

- Мөнгөний бодлогоос гадна хөтөлбөрийн хүрээнд Монголбанктай холбоотой ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр заасан бэ?

Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх гол ажлуудын нэг бол банкны салбарт хөрөнгийн чанарын үнэлгээг олон улсад нэр хүнд бүхий байгууллагаар хийлгүүлэх юм. Энэ нь эрүүл, зохистой засаглалтай, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц банкны салбартай болоход чиглэгдсэн ажил юм.

Түүнчлэн төв банкны  засаглалыг сайжруулах, хараат бус байдлыг хангах хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар хөтөлбөрт тусгагдсан байгаа. Уг ажлыг би Монголбанкны Ерөнхийлөгч болсон цагаасаа хийнэ гэдгээ мэдэгдээд байсан. Төв банкны засаглалыг сайжруулах нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой.

- Та өмнө нь нэг ярилцлагадаа 2018 оноос Монгол Улс өсөлт, хөгжлийнхөө замд орно гэж хэлж байсан. Энэ нөхцөл байдал биелэлээ олно гэдэг таны байр суурь хэвээр байгаа юу?

Эдийн засгийн дунд хугацааны төлөвийг эерэгээр харж байгаа миний байр суурь өөрчлөгдөөгүй. Ингэж үзэх дөрвөн үндсэн шалтгаан байгаа юм. Өөрөөр хэлбэл бид 2017 онд дөрвөн том сорилтыг шийдвэрлэж чадсан гэж үзэж байна.

- Ямар дөрвөн сорилт вэ? Илүү дэлгэрэнгүй тайлбарлавал?

Нэгдүгээрт, Хөгжлийн банкны өмнөх хуулинд тэдний үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг зохицуулах, банкны нөөц сан, эрсдэлийн сангийн зохицуулалтуудыг хийх, хараат бус бие даасан байдлыг хангах, засаглалын тогтолцоог бэхжүүлэх асуудлуудыг сайжруулах шаардлагатай байсан. Дээрх зохицуулалтуудыг хийсэн Хөгжлийн банкны тухай шинэчилсэн хуулийн төслийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр УИХ-аас баталсан. Хөгжлийн банкны хууль, эрх зүйн шинэчлэл нь хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг нэмэгдүүлж, зээлжих зэрэглэл болон гадаад орчны эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна.

Хоёрдугаарт, бид гадаад өрийн дарамтыг хөнгөвчлөхөөр чармайж байна. Өөрөөр хэлбэл энэ оны 3 дугаар сард төлөгдөх Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын бондоор солих саналыг анхны хөрөнгө оруулагч нарт тавьж, 7 жилийн хугацаатай 600 сая ам.долларын “Хуралдай” бондыг амжилттай гаргасан. Онцолж хэлэхэд бондыг солих ажлын хүрээнд нэмж 125 сая ам.долларын бондыг шинээр гаргахаар зарлахад худалдан авах хүсэлтийн хэмжээ 3.3 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь хөрөнгө оруулагчдын бидэнд итгэх итгэл, Монгол Улсын дунд хугацааны эдийн засгийн төлөвийг эерэгээр харж буйг илтгэж байгаа юм.

Гуравдугаарт, Монголбанк Хятадын ардын банк хооронд нилээд хэдэн сарын хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд своп хэлцлийн хугацааг 3 жилийн хугацаатай буюу 2020 он хүртэл сунгахаар тохиролцлоо. Түүнчлэн своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх боломж ч байгаа.

Дөрөвдүгээрт, 2018 оны 1 дүгээр сард төлөгдөх 500 сая ам.доллар, 6 дугаар сард төлөгдөх 160 сая ам.долларын Засгийн газрын бондын төлбөрийг төлөх асуудлыг ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд шийдвэрлэх боломжтой болсон.

- Манай улс 2008 он хүртэл, 2010-2012 онуудад үсрэнгүй хөгжлийн замдаа орлоо гэж бид ярьдаг байсан? Гэвч энэ хугацаанд бид хоёр ч удаа эдийн засгийн хүндрэл, уналтад ороод байна? Цаашдаа энэ байдал давтагдсаар байх уу?

Та маш чухал асуудлыг хөндөж байна. Таны хэлж буй хугацаанд Монгол Улсад уул уурхайн салбарын экспортын орлогоос хамаарсан төсөв, мөнгөний мөчлөг дагасан бодлого явж ирсэн. Энгийнээр хэлбэл бид мөнгөтэй болсон үедээ хэт үрэлгэн зарцуулж, хуримтлал үүсгэдэггүй, хомстсон үедээ хэмнэх горимд шилждэггүй зарчмаар явж ирлээ. ОУВС-тай хийсэн хэлэлцээрт төсвийн сахилга бат, зохистой засаглал, бодлогын голлох байгууллагуудын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх ажлууд хийгдэнэ. Ингэснээр бидэнд дунд болон урт хугацаанд тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа нь эдийн засгийн болон санхүүгийн хямралд өртөхгүй байх хөшүүрэг болно.

Энэ ажлыг Монголбанк өөрөөсөө эхлэнэ. Энэ он гарсаар Монголбанкны үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг 2017-2019 оны хооронд хэрэгжүүлэхээр баталлаа. Уг хөтөлбөр маань i) хууль, эрх зүйн орчинг сайжруулах, ii) засаглал, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх iii) хүний нөөцийн удирдлага, хөгжлийг боловсронгуй болгох iv) дэвшилтэт технологи, арга ажиллагааг нэвтрүүлэх, v) хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн үндсэн таван чиглэлд тулгуурлаж байгаа юм.

- 2017 онд болон цаашид эдийн засаг тогтвортой байх боломжтой гэж ойлгож болох уу?

Тиймээ. Эдгээр тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэснээр манай улсын өрийн дарамт арилж, 2017 онд эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний оновчтой бодлогыг хэрэгжүүлэх орон зай үүсч байгаа юм. Эдийн засгийн гадаад орчин талдаа ч гэсэн бидэнд түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотой эерэг өөрчлөлтүүд гарлаа. Тэгэхээр миний өмнө хэлсэнчлэн Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оноос сэргэж, 2019 онд 8 хувьд хүрч өсөх бүрэн боломжтой.

- Бидэнтэй цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Таны цаашдын   ажилд амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхний амьдрал, ажил үйлсэд сайн сайхныг хүсэн ерөөе.

Дээш буцах