2017.03.07 Буцах

С.Ганбаяр: Банкууд зээлдэгчээ бодитойгоор үнэлж, зээлдэгчийн санхүүгийн хэрэгцээг хангах шаардлагатай



Монголбанкны Хяналт, шалгалтын газрын Ахлах хянан шалгагч С.Ганбаяртай ярилцлаа.

 -Монголбанк зээлийн мэдээллийн сангаас 25 мянга гаруй иргэний мэдээллийг хязгаарласан тухай мэдээллээ. Энэ тухай тайлбар өгнө үү?

 

-Банк санхүүгийн байгууллагууд иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохдоо Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанаас шүүсэн мэдээлэлдээ үндэслэж шийдвэр гаргадаг. Хэрэв зээлдэгч ганц удаа, бага дүнтэй зээл авсан боловч хугацаа хэтрүүлж зээлээ төлсөн бол  зээлийн мэдээллийн санд чанаргүй гэсэн ангилалд бүртгэгддэг.

 

Уг нь зээлийн сөрөг түүхтэй зээлдэгчид зээл олгохыг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт байхгүй боловч банк санхүүгийн байгууллагууд  зээл эргэн төлөгдөхөд учирч болох эрсдлээс сэргийлж зээл олгохоос татгалзах явдал нийтлэг гардаг. Үүнээс болж иргэдэд дахин зээл авахад ихээхэн хүндрэл дарамт үүсдэг.

 

Тиймээс Монголбанкны зүгээс зээлийн мэдээллийн сангийн програмд өөрчлөлт оруулж, нэг жилээс ихгүй хугацааны зээлийн гэрээтэй, авсан зээлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй хэмжээтэй зэрэг тодорхой нөхцөлийг хангасан зээлийн түүхийн мэдээллийг  лавлагаанд тусгуулахгүй байх нэг удаагийн зохицуулалтыг хийсэн юм.

 

Тодруулбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй хэмжээтэй гэдэг нь ойролцоогоор 2.9 сая орчим хүртэлх төгрөг болж байгаа юм.  Дээрхээс гадна иргэд зээлээ төлөхдөө хугацаа хэтрүүлсэн ч 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс өмнө төлж барагдуулсан байх ёстой. Эдгээр шалгуурыг хангасан 25,621 мэдээллийг хязгаарлах зохицуулалтыг хийсэн.

 

-Яагаад нэг удаагийн арга хэмжээ авах шийдвэр гаргасан юм бэ?

 

-Энэ бол хариуцлагатай холбоотой асуудал. Тийм болохоор үргэлжлүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл тухайн зээлдэгч зээлийн гэрээгээ заавал биелүүлэх үүрэгтэй. Тэгвэл яагаад ийм арга хэмжээ авсан юм бэ? гэж асуух байх.  Ялангуяа иргэд их хүсэлт тавьдаг, мөн нөгөө талдаа банкууд зээлийн эрсдэлтэй зээлдэгчдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг.

 

Энэ жилээс Монголбанк хөдөө орон нутгийн иргэдтэй сургалт, уулзалтууд хийдэг болоод байна. Уулзалтын үеэр ч мөн яг энэ асуудлаар иргэдийн дийлэнх нь нааштайгаар шийдэж өгөх боломжийг хүсч байсан юм. Гол төлөв цалин хөлс нь цагтаа буугаагүйгээс болж хугацаа оройтуулж төлж байсан гэсэн шалтгаануудыг иргэд хэлдэг. Хэдий зээлээ төлөөд хэдэн жил өнгөрсөн ч найдваргүй зээлдэгчийн ангилалд бүртгэгдсэн л бол дахин зээл авах боломжоор хязгаарлагдчихдаг.

 

Тийм болохоор санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрхээр хангах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэг удаагийн арга хэмжээг ийнхүү аваад байна. Монголбанк энэ шийдвэрийг гаргахдаа  банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зохицуулалтыг хийсэн. Дахин хэлэхэд, тавигдсан шаардлагуудыг хангасан зээлийн мэдээллийн түүхүүд нь бага дүнтэй, хугацаа богино, хамгийн гол нь эргэн төлөгдсөн бол нэг удаагийн арга хэмжээнд хамрагдах боломжоор хангагдаж байна. Иймд цаашид зээлдэгчид дахин зээл авах боломжоо гаргахын тулд гэрээний үүргээ хариуцлагатай биелүүлэх хэрэгтэй л дээ. Нөгөө талаас банкууд зээлдэгчээ бодитойгоор үнэлж, зээлдэгчийн санхүүгийн хэрэгцээг хангах шаардлагатай байна.

 

-Зээлийн мэдээллийн сангийн мэдээллээс тухайн зээлдэгч өөрийн мэдээлэл нь хаагдсан эсэхийг хаанаас лавлаж болох вэ?

 

-Аль ч банкны салбараас мэдээлэл хүсэхэд гаргаж өгөх боломжтой. Шийдвэр гарсны дараахан нэгэн иргэн бидэнд хандсан юм. Тэр хүн дөрвөн жилийн өмнө жилийн хугацаатай нэг сая төгрөгний цалингийн зээл авахдаа нэг сараар хоцроож  төлсөн юм байна. Үүнээсээ болж ямар нэгэн зээл авах гэхээр найдваргүй зээлийн түүхтэй гээд банкууд боломж олгодоггүй байжээ.

 

Тэрээр өөрийгөө зээлийн мэдээллийн сангийн хязгаарлалтад хамрагдсан гэж үзэж болох уу гэж асууж байсан. Түүний хувьд бүрэн боломжтой. Гол нь  тухайн зээлдэгч дээрх тавьсан нөхцөлүүдийг хангахаар байна уу, үгүй юу гэдгээ өөрөө мэдэж байгаа бол зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд мэдээлэл нь тусгагдаагүй л гэсэн үг.

 

-Энэ оны нэг сарын сүүлээс өмнө зээлээ төлсөн байх ёстой гэхээр 2017 оноос өмнөх онуудад бүртгэгдсэн мэдээллүүд хамрагдана гэж ойлгож болох уу?

 

-Тийм ээ, Дээрх хэлсэн жишээнээс харж болно. Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл 10 жил хадгалагддаг. Тэгэхээр тухайн хугацаан дахь мэдээллүүдээс шаардлага хангасан мэдээллүүд банк санхүүгийн байгууллагуудад харагдах лавлагаанд тусгагдахгүй.

 

-Аж ахуйн нэгжүүдэд энэ шийдвэр хамаатай юу?

 

-Хамаатай байлгүй яахав. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн энэхүү бодлогын арга хэмжээ хөгжиж буй эдийн засагтай улс орнуудад ч бас хэрэгждэг. Санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртээх бодлогын үүднээс хэрэгжүүлдэг арга хэмжээ юм. Тиймээс адилхан хамрагдана. Тавигдах шаардлага нь иргэн аж ахуйн нэгж гэж ангилж ялгаж үзээгүй учраас аль аль нь үндсэн гурван шалгуурт шүүгдсэн.

 

Ярилцсанд баярлалаа.

Дээш буцах