2016.04.21 Буцах

Э.БАТШУГАР: Картаар худалдан авалт хийсэн нөхцөлд харилцагчаас шимтгэл авахгүй



Монголбанкнаас дэвшилтэт технологийг нэвтрүүлэн банк хоорондын цахим худалдааны төлбөр тооцоог “Төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-ээр дамжуулах болсонтой холбогдуулан Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугартай ярилцлаа.  

-E-COMMERCE буюу банк хоорондын цахим худалдааны төлбөр тооцоог нэвтрүүлэх ажил хийгдлээ. Ер нь манай улсын хэмжээнд хэдий хэмжээний карт хэрэглэгч байдаг бол...

-Монголбанк нь бэлэн бус төлбөрийн хэрэгслийг дэмжих, орчин үеийн шинэ технологи ашиглан интернэтэд суурилсан худалдан авалтын төлбөр тооцоог банк хоорондын системд нэвтрүүлэх, мөн олон нийтэд сурталчлан таниулах үүргийнхээ хүрээнд интернэт худалдан авалтын гүйлгээг тасралтгүй, найдвартай ажиллагаагаар хангах програм, техник хангамжийг боловсруулж, банкуудтай хамтран ажилласнаар энэ төрлийн гүйлгээг нэвтрүүлэх дэд бүтцийн суурь алхмыг эхлүүллээ. Энэ хүрээнд Монголбанк, Монголын банкны холбооны төлөөлөгч, “Картын нэгдсэн сүлжээ”-ний шууд оролцогч банкны төлөөллийг оролцуулсан “Банк хоорондын цахим худалдааны төлбөр тооцоог дамжуулах” нээлтийн үйл ажиллагааг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан. 2015 оны эцсийн байдлаар интернэт хандалтын эрхтэй хэрэглэгчийн тоо 874.9 мянгад хүрч 2014 оны мөн үетэй харьцуулахад 210 мянган хэрэглэгчээр өссөн үзүүлэлттэй байна. Дэлгэрэнгүй судалгаанаас харахад интернэт хандалтаар хийгдсэн банк хоорондын нийт гүйлгээний 99.8 хувийг төлбөр тооцооны үйлчилгээ хийхэд ашиглажээ.

- Цахим худалдаа гэж юу вэ?

-Энгийнээр хэлэхэд иргэд, аж ахуйн нэгж байгууллага интернэт орчинд бараа, үйлчилгээгээ төлбөрийн карт ашиглан, газар зүйн байршил, цаг хугацаанаас үл хамааран найдвартай, түргэн шуурхай худалдаж авах боломжийг нээсэн бэлэн бус төлбөрийн сувгийн нэг төрөл гэж ойлгож болно.

-Банк хоорондын цахим худалдааны төлбөр Монголбанкаар дамжуулдаг болсноор худалдаа эрхлэгчид болон үйлчлүүлэгчдэд ямар ач холбогдолтой вэ?

-“Төлбөрийн системийн талаар баримтлах бодлого” нь бэлэн бус төлбөрийн хэрэгслийг дэмжих, технологийн дэвшлийг ашиглаж төлбөрийн системийн дэд бүтцийг хөгжүүлэх, улмаар банкны үйлчилгээг хүн амын орлогын түвшин, газар зүйн байршил, цаг хугацаанаас үл хамааран найдвартай, түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд банк хоорондын цахим худалдааны төлбөр Монголбанкаар дамждаг болсноор хэд хэдэн давуу тал, ач холбогдлыг дурдаж болно. Нэгдүгээрт, цахим худалдаа эрхлэгч нь бараа, үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, борлуулалтын сувгаа өргөжүүлэх, үйл ажиллагааны зардлаа хэмнэх, зах зээлээ тэлэх зэрэг эерэг нөлөөтэй.

Хоёрдугаарт, иргэд ямар банкны харилцагч байхаасаа үл хамааран бараа, үйлчилгээний төлбөрөө карт ашиглан интернэтээр шимтгэлгүй төлөх, иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээ илүү хялбар, шуурхай хүрэх өргөн боломж нээгдэнэ. Мөн АТМ машинаас банк харгалзахгүйгээр бэлэн мөнгө авч болдогтой нэгэн адилаар аль ч банкны картаар худалдааны ямар ч цахим хуудаснаас худалдан авалтыг бэлэн бус хэлбэрээр хийх боломжтой болж байна.

Гуравдугаарт, “Банк хоорондын картын нэгдсэн сүлжээ”-ээр интернэтээр хийгдсэн гүйлгээ дамжиж байгаа учраас төлбөр тооцоо илүү найдвартай гүйцэтгэгдэж, цахим худалдааны олон улсын стандартын дагуу Монголбанк, карт хүлээн авагч, карт гаргагч банкны нэгдсэн нууцлалын стандартыг мөрдөж байна. Эцэст нь “Картын нэгдсэн сүлжээ”-ний шууд оролцогч банкуудтай хамтран бизнесийн болон технологийн судалгааг хийж, энэхүү цахим худалдааны системийг бий болгосон.

-Иргэдийн хувьд хялбар, шуурхай боллоо гээд байна. Энэхүү үйлчилгээний шимтгэл, хураамжийг яаж шийдэж өгсөн бэ? Иргэд интернэт худалдан авалт хийх бүртээ шимтгэл төлөх үү?  

-Картаар худалдан авалтын төрлийн гүйлгээ хийсэн нөхцөлд харилцагчаас шимтгэл авахгүй бөгөөд банк хоорондын гүйлгээний шимтгэлийг картаар үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж төлөх зарчмыг баримтална. Энэ нь бэлэн бус төлбөр тооцоог дэмжих бодлогын нэг арга, хэрэгсэл юм.

-Интернэтээр залилангийн гүйлгээ гарах тохиолдол байдаг. Иргэд энэ тал дээр эргэлзэж интернэтээр гүйлгээ хийхээс зайлсхийх хандлагатай байдаг л даа...

-Дээр дурдсанчлан энэ төрлийн гүйлгээ хийхэд нууцлал, аюулгүй байдлын хувьд карт гаргагч, хүлээн авагч нь нэгж гүйлгээ илгээх бүрт технологийн шаардлага хангасан шалгуураар шалгаж дамжуулна. Технологи сайжруулалт байнга хийгдэж явна. Түүнчлэн, бодит цагийн горимоор гүйлгээ хийгдэж байгаа тул дансны мэдээллээ тухай бүртээ авах, энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч банкуудын өрсөлдөөн нэмэгдэх, үйлчилгээний нөхцөл сайжрах боломжтой болно. Цаашид, Монголбанк арилжааны банкуудтай хамтарч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн найдвартай, аюулгүй байдлыг хангасан шилдэг технологийг нутагшуулахаар ажиллаж байна.

-Интернэт худалдан авалтын эрэлт хэрэгцээ, төлбөрийн картын хэрэглээний талаар ямар судалгаа хийгдсэн байдаг вэ?

-Монголбанкнаас гаргадаг Төлбөрийн системийн тайлан түүн дотор төлбөрийн картын хэрэглээний судалгаанаас харахад 2015 оны эцсийн байдлаар 4 сая карт манай улсын зах зээл дээр ашиглагдаж байгаагаас идэвхтэй ашиглагдаж буй картын тоо 2.2 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 68.2 хувиар өссөн байна. Карт эзэмшигчдийг картын нэр төрлөөр нь ангилж үзэхэд 2015 оны жилийн эцсийн байдлаар Visa card хэрэглэгчийн тоо 1.4 сая, Master card хэрэглэгчийн тоо 186 мянга, UPI card хэрэглэгчийн тоо 236 мянга, карт хэрэглэгчийн тоо 2.2 саяд хүрч нийт карт эзэмшигчийн тоо өмнөх оноос 13.1 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хуудаснаас авч болно.

-Монголбанк нь энэхүү системийн өөрчлөлтөд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ?

Монголбанк болон банк хоорондын картын нэгдсэн сүлжээнд оролцогч талуудын зүгээс  нэмэлт хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд банкуудын хуучин байсан систем дээр суурилж шинэ гүйлгээний төрөл нэмсэн.

-Худалдан авалт хийхдээ ямар төрлийн картыг ашиглаж болох вэ?

-Дотооддоо гаргасан бүх картууд болон гадаадад гаргасан Юнионпэй, Мастеркарт, Виза брэндийн картуудаар төлбөр тооцоогоо иргэд маань гүйцэтгэж болно. Цаашид JCB брэндийн төлбөрийн картыг нэгтгэхээр ажиллаж байна.

-Төлбөр тооцоог гүйцэтгэхэд нууцлал талаасаа иргэд маань юу анхаарах шаардлагтай вэ?

-Төлбөрийн картаа ашиглан интернэтээр гүйлгээ хийх бүрдээ банкнаас өгсөн аюулгүйн ажиллагааны зөвлөмжийг биелүүлж байх шаардлагатай.

-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа

-Танай хамт олонд амжилт хүсье.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

 

 

 

 

 

 

Дээш буцах