2016.04.12 Буцах

П.Эрдэнэтуяа: Монголбанк мэргэшсэн хүний нөөцөөрөө ялгардаг



Монголбанкны Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн захирал П.Эрдэнэтуяагаас Монголбанкны хүний нөөцийн талаар дараах тодруулгыг авлаа.

-Төв банк шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байна вэ? Яагаад shilendans.gov.mn сайтад танай байгууллага ороогүй байгааг тайлбарлана уу?

-Монголбанкны удирдлагууд шилэн дансны санаачилга, батлагдсан хуулийг бүрэн дэмжиж, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор албан ёсны www.mongolbank.mn сайтад байрлах Шилэн данс цэсээрээ дамжуулан байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол шинэчлэн олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлж байна. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015.02.13-ны өдрийн А-39 дүгээр тушаалаар “Монголбанкнаас нийтэд ил тод мэдээлэх мэдээллүүд”-ийг баталж, 11 мэдээллийг олон нийтэд мэдээлэхээр зааснаас долоо хоног бүр мэдээлэх дөрөв, сар бүр дөрөв, хагас жил тутамд нэг, жилд мэдээлэх хоёр мэдээллүүдийг хуульд заасан хугацаанд Монголбанкны цахим хуудаст 2015 оны эхнээс тогтмол байршуулж байна. Монголбанкнаас Сангийн яамны  shilendans.gov.mn сайтад мэдээлэл байршуулах нь эрх зүйн хувьд тодорхойгүй байсан ч бид хуулийг дэмжиж ажиллах хүрээнд Монголбанкны шилэн дансны мэдээллийг иргэдэд илүү нээлттэй, ил тод хүргэх үүднээс Монголбанкны шилэн дансны холбоосыг Сангийн яамны шилэн данстай линкээр шууд холбохоор ярилцаж байна. Энэ нь Монголбанкны шилэн дансны мэдээллийг хоёр газраас зэрэг авах боломж бүрдэх юм.

Шилэн данс хөтлөхтэй холбоотой механик алдаа оноо гарч байгааг үгүйсгэхгүй. Бид ч алдаагаа тухай бүр засаад явж байна. Тухайлбал, нийт ажилтнуудыг хоёр жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулахад зориулж 56,6 сая төгрөгийн зардал гарсныг тодорхой эзэн биегүй бичснээс болж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал эмнэлэгт үзүүлсэн мэт буруу ташаа ойлголт өгөхөөр мэдээлэл гарсан. Энэ мэтээс үүдээд шилэн дансны хөтлөлтийг нарийн тодорхой болгон сайжруулан ажиллаж байна. 

-Сүүлийн жилүүдэд ажилтнуудад шагнал, урамшууллыг хавтгайруулан олгосон талаар багагүй хардлага, сэрдлэг яваад байна.

-Монголбанк олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу санхүүгийн тайлангаа гаргаж, олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаар хянуулж санал, дүгнэлт авдаг. Үүнээс гадна Монголбанкны санхүүгийн тайланд УИХ-аас томилогдсон Монголбанкны Хяналтын зөвлөл хяналт тавьдаг. Монголбанкнаас санхүүгийн тайлангаа аудитын тайлан, дүгнэлт болон Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийн хамт УИХ-д жил бүр танилцуулдаг. Өнгөрсөн хугацаанд дээрх гурван шатны хяналтаар орон сууцны санхүүгийн дэмжлэгтэй холбогдуулан аливаа зөрчил гарч байгаагүй. Монголбанкны хүний нөөцийн тогтвортой бодлогын хүрээнд Монголбанкны мэргэшсэн албан тушаалтнууд тасралтгүй 10-25 жил ажиллаж байгаа бөгөөд нийт ажиллагсдын 80 хувь нь бакалавр, магистр,  докторын зэрэгтэй ажилтнууд байна.  

-Ямар шалгуураар энэхүү дэмжлэгийг олгодог юм бэ? Энэ нь хууль, дүрэмд хэр нийцтэй үйлдэл вэ?

 -Монголбанк байгуулагдсан цагаас эхлэн тогтоосон журмын дагуу тодорхой шалгуур хангасан ажилтанд 2012 он хүртэл орон сууц олгож байсан. “Монголбанкны ажилтанд орон сууцны зээлийн дэмжлэг олгох журам”-д заасны дагуу уг дэмжлэгийг олгоход ажлын үр дүн, байгууллагад оруулсан хувь нэмэр, мэдлэг чадвар, мэргэшсэн байдал, дадлага туршлага, ёс зүй, төлөвшил, үнэнч шударга, шуурхай ажиллах чадвар, идэвх санаачилга, Монголбанкинд ажилласан хугацаа зэрэг олон шалгуурыг харгалзан үздэг. Монголбанкны ажилтны нийгмийн баталгааг Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “өөрийн ажилтныг Төрийн албаны тухай хуульд зааснаас дордуулахгүйгээр ажиллах нөхцөл, баталгаагаар хангах,ажилтанд хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тусламж үзүүлэх, зардлыг гаргах” гэж заасан байдаг. Ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэн орон сууцны санхүүгийн дэмжлэг олгохдоо хуульд нийцүүлэн баталсан Монголбанкны журмын дагуу олгодог. Энэ журам нь анх Төв банкийг үүсгэн байгуулсан үеэс мөрдөж байсан ба түүнээс хойш шинэчлэн баталсан журмаар орон сууцны зээлийн дэмжлэг олгох асуудлыг Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж ирсэн.


Монголбанк нь хүний нөөцийн хувьд мэргэшсэн, чадварлаг ажилтнуудаа үр бүтээлтэй, өндөр бүтээмжтэй, тогтвор суурьшилтай ажиллуулах хүний нөөцийн бодлого баримталдаг.

Монголбанкны ажилтнууд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд олон улсын жишгийг өөрийн орны онцлог, хуульд нийцүүлэн ажиллаж байна.  
 

 

Г.Энхбаатар
Дээш буцах