Эдийн засгийн цагаан толгой

  • 1. Банкны салбар?

    1.1 Төв банк

    Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг төв банк гэнэ. Монгол улсын төв банкийг Монголбанк гэнэ. Монголбанкны үндсэн зорилт бол үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах явдал юм. Энэ хүрээнд төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн барьдаг. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

    1.2 Арилжааны банк

    Төв банкны тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө хуулийн этгээдийг арилжааны банк гэнэ. Арилжааны банк дараах үйл ажиллагааг эрхэлнэ:

    • • Зээл, хадгаламж
    • • Гадаад дотоод төлбөр тооцоо
    • • Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах
    • • Гадаад валютын гүйлгээ
    • • Үнэт металл, эрдэнийн чулууны гүйлгээ, хадгалах, хадгалуулах
    • • Үнэт цаас гаргах, гүйлгээ хийх
    • • Санхүүгийн түрээс
    • • Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээ зөвлөмж, мэдээлэл өгөх
    • • Төв банкнаас зөвшөөрсөн бусад үйл ажиллагаа

    Арилжааны банк болон төв банкны ялгаа



  • 2. Мөнгөний бодлого

    2.1 Мөнгөний бодлого гэж юу вэ?

    Мөнгөний бодлогын зорилго нь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, инфляцийг тогтворжуулах болон бүрэн ажил эрхлэлтийг хангахад оршино. Мөнгөний нийлүүлэлтийн дараах үндсэн арга хэрэгслүүд байдаг.

    • • Шууд арга
    • - Банкинд олгох зээлийн хэмжээг тогтоох
    • - Банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх

    • • Шууд бус арга
    • - Заавал байлгах нөөцийн хувийг тогтоох
    • - Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг явуулах
    • - Хүүний нэгдсэн бодлого явуулах (Төв банкны зээл, үнэт цаас)

    2.2 Мөнгөний нийлүүлэлт

    Мөнгөний нийлүүлэлт гэдэг нь тухайн улс орны хэмжээнд мөнгөний үүргийг гүйцэтгэж байгаа бүх төрлийн активыг хэлнэ. Мөнгийг хөрвөх чадвараар нь дараах байдлаар ангилна:

    • 1. Мөнгө0(M0) Банкнаас гадуур гүйлгээнд байгаа бэлэн мөнгө
    • 2. Мөнгө1(M1) М0+Банкны харилцах болон хугацаагүй хадгаламжинд байгаа мөнгө
    • 3. Мөнгө2(M2) М1+Банкны хугацаатай хадгаламж болон бүх төрлийн валютын хадгаламжууд

    Эдийн засагт мөнгө хичнээн хурдан эргэж байна төдий чинээ бага мөнгө шаардлагатай байна. Бэлэн мөнгө ба хадгаламжийн харьцааг Төв банкнаас зохицуулах боломжгүй бөгөөд эдийн засгийн хувьд бэлэн мөнгө аль болох бага байх нь үр ашигтай. Мөнгөний нийлүүлэлтийг тухайн улсын төв банкнаас зохицуулдаг бөгөөд хүүний түвшинээс хамаардаггүй харин хүүг тодорхойлогч болдог.

    2.3 Мөнгөний бодлогын арга хэрэгсэл (Төв банкны тухай хуулийн 11 дүгээр зүйл)

    • 1. Банкны заавал байлгах нөөцийн хувь хэмжээг тогтоох
    • 2. Банкинд зээл олгох
    • 3. Монголбанкны зээл, үнэт цаасны хүү болон хямдруулалтын хувиар дамжуулж хүүгийн нэгдсэн бодлого явуулах
    • 4. Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах
    • 5. Банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх

    2.4 Заавал байлгах нөөц

    Төв банк мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах зорилгоор арилжааны банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийн тодорхой хувиар заавал байлгах нөөцийг тогтоодог. Нөөцийн хэмжээ нэмэгдэх тусам арилжааны банкны зээл өгөх мөнгөн хөрөнгө багасах учир мөнгөний нийлүүлэлт буурна. Эсрэгээрээ нөөцийг бууруулахад нийлүүлэлт нэмэгддэг. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

    2.5 Төв банкнаас арилжааны банкуудад зээл олгох

    Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй аливаа банкны төлбөрийн чадварт 3 сараас дээшгүй хугацаанд хүндрэл бий болсон, банк өөрийн үйл ажиллагааны үр дүнд уг хүндрэлээс гарч, авсан зээлээ хугацаанд нь төлөх боломжтой гэж үзсэн тохиолдолд Монголбанк зээл олгоно. Ингэхдээ Монголбанк тухайн банкны зээлжих чадварын хязгаарт багтаан зээлийн хэмжээг тогтоох эрхтэй. Энэхүү зээл нь Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас, Монголбанкин дахь тухайн банкны харилцах данс, хадгаламж, Монголбанк хүлээн зөвшөөрөх активаар баталгаажсан байна. Банкинд зээл олгох нийтлэг журмыг Төв банкны тухай хуульд нийцүүлэн Монголбанк тогтооно.

    2.6 Банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх

    Монголбанк мөнгөний бодлогын бусад арга хэрэгслүүдийг хангалтгүй гэж үзсэн тохиолдолд банкнаас иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийж болдог.



  • 3. Инфляци

    3.1 Инфляци гэж юу вэ?

    Бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөх үзэгдлийг инфляци гэнэ. Үнийн ерөнхий түвшин гэдэг нь тодорхой нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшин биш харин маш олон нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний дундаж үнийн түвшинг илэрхийлнэ. Иймээс инфляци нь олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний дундаж үнийн түвшин өсөх үзэгдэл тул инфляцийн үед зарим бүтээгдэхүүний үнэ буурч, зарим нь тогтмол байж ч болно. Гэхдээ эдийн засагт эргэлдэж байгаа ихэнх бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөр үнийн ерөнхий түвшин өсч инфляци бий болдог. Инфляци нь эрэлтээс болон нийлүүлэлтээс гэсэн 2 үндсэн шалтгааны улмаас үүсдэг.

    Эрэлтээс үүдэлтэй инфляци гэдэг нь хүн ам, айл өрхийн төлбөрийн чадвар нэмэгдэж харин үйлдвэрлэл, үйлчилгээний тоо хэмжээ хоцрох явдал юм.

    Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляци гэдэг нь үйлдвэрлэл, үйлчилгээний зардал ихсэх эсвэл тэдгээрийн нийлүүлэлтийн механизм гажилттай болсноос үүдсэн инфляци юм. Энэ үед үйлдвэрлэлийн цалин, үндсэн түүхий эдийн үнэ “огцом” өсөх үндсэн дээр бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг нэмэгдсэнээс үнэ өсдөг.

    Монгол улсад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн механизм олон жилийн турш үр ашиг муутай, тогтвортой бус байснаас нийлүүлэлтийн гаралтай буюу зардлын шалтгаантай инфляци байнга өндөр байж, тэр нь хэрэглээний үнийн индексийн өсөлтийг олон жилийн турш хоёр оронтой тоонд байлгаж ирсэн юм. Монголбанкнаас нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг багасгах арга хэмжээг Засгийн газартай хамтран “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүд”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.

    3.2 Хэрэглээний сагс гэж юу вэ?

    ҮСХ-ноос айл өрхүүдийн хэрэглээ, түүний хэв маягт судалгаа хийсний үндсэн дээр хэрэглээний барааны сагсны бүтцийг тодорхойлдог. Өнөөдрийн байдлаар МУ-ын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 329 бараа, үйлчилгээнээс бүрдэж байна. Хэрэглээний сагсанд 2010 оны 12 сард өөрчлөлт оруулсан ба үүний өмнө тус сагс 287 төрлийн бараа, үйлчилгээнээс бүрдэж байжээ.

    3.3 Суурь инфляци гэж юу вэ?

    Суурь инфляци гэдэг нь хэрэглээний барааны сагснаас үнийн хэлбэлзэл ихтэй зарим барааг хасч үнийн түвшинг тооцсоныг хэлнэ. Хүнс болон түлш шатахууны үнийн савалгаанаас шалтгаалан зарим тохиолдолд төгрөгийн худалдан авах чадвар ХҮИ-т бодит тусгалаа олж чаддаггүй тул үнийн хэлбэлзэл ихтэй эдгээр бүлгүүдийг хасан суурь инфляцийг тооцдог байна. Хэрэглээний сагсанд зарим бараа үйлчилгээний үнэ улирлын хэлбэлзэл ихтэй байх нь байдаг. Гэтэл ийм барааны үнийн хөдөлгөөн нь зарим тохиолдолд эдийн засаг дахь нийт үнийн хөдөлгөөнийг бүдэгрүүлэх, эсвэл бүр төлөөлж чадахгүйд хүрдэг. Ерөнхий инфляци бол үнийн өөрчлөлтийн хэмжүүр байдаг бол суурь инфляци үнийн хандлагын хэмжүүр нь болдог байна. Ийм учраас Төв банкнаас улирлын хэлбэлзэл ихтэй мах, сүү болон хүнсний ногооны дэд бүлгүүдийн ХҮИ-ийн сагснаас хасч инфляцийг дахин тооцож эдийн засаг дахь үнийн ерөнхий түвшин хаашаа хөдөлж байгааг тодорхойлдог билээ. Тус үзүүлэлтийг суурь инфляци гэх бөгөөд суурь инфляци өсөөд эхэлбэл Төв банкнаас түүний эсрэг арга хэмжээ авах магадлал өндөр болдог.

    3.4 Инфляцийн хүлээлт гэж юу вэ?

    Харьцангуй үнэ чөлөөтэй байх (өсөх, буурах) нь туйлын ач холбогдолтой ч урт хугацаанд төгрөгийн худалдан авах чадвар муудах нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Тэгвэл инфляцийн хор хөнөөл нь чухамхүү юунд байна вэ? Хэсэг хугацаанд тасралтгүй үргэлжилсэн инфляци нь инфляцийн хүлээлтэд нэгэнт нөлөөлж эхэлсэн тохиолдолд эдийн засагт урт хугацааны хор уршиг учруулдаг байна.

    Инфляцийн хүлээлт даамжирсан тохиолдолд эдийн засагт стагфляци (ДНБ-ний бууралт болон өндөр инфляци) нүүрлэх аюултай.

    Инфляцийн хүлээлт нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх хэд хэдэн жишээ авч үзье. Тухайлбал, инфляцийн хүлээлт өндөр үед хүмүүс өөрийн баялгаа биет хөрөнгөнд (газар, алт, мөнгө г.м.) байршуулж эхэлдэг. Гэтэл энэ нь бизнесийн хөрөнгө оруулалтын гэхээсээ илүү өсөн нэмэгдэж буй үнийн эсрэг хамгаалах арга хэмжээ болдог. Иймээс инфляцийн хүлээлт нэмэгдэж буй үед эдгээр хөрөнгий үнэ нь өөрийн үнэ төдийгүй инфляцийн эсрэг хэрэгслийн үнийг өөртөө багтаана. Ингэснээр эдийн засаг дахь хомс нөөцийн хувиарлалт оновчгүй болдог байна.

    Мөнгөний худалдан авах чадвар буурна гэсэн хүлээлт бий болсон тохиолдолд хүмүүс өөрсдийн мөнгөн хөрөнгөө багасгах эрмэлзэлтэй болно. Хөрөнгө оруулалт болон хадгаламжаас олж буй орлогын бодит татварыг инфляци нэмэгдүүлснээр хөрөнгө оруулалт хийх, хадгаламж бий болгох сонирхлыг үгүй хийдэг байна.

    3.5 Дефляци гэж юу вэ?

    Дефляци нь инфляцийн эсрэг зүйл бөгөөд үнийн ерөнхий түвшин буурах үйл явц юм. Энэ үзэгдэл нь бараа, үйлчилгээг худалдан авах хүмүүсийн эрэлт, хэрэгцээ буурснаар үйлдвэрлэгч компаниудыг өөрсдийн бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулж алдагдал хүлээхэд хүргэдэг.

    3.6 Бодлогын хүү инфляцийг хазаарлана

    Аливаа улс орнуудын Төв банк бодлогын хүүг тогтоож барьдаг. Бодлогын хүү хэдэн хувь байхаас арилжааны банкуудын зээлийн хүү хэр өндөр байх нь хамаардаг билээ. Манай улсын хувьд одоогоор 12,25 хувь буюу харьцангуй өндөрт тооцогдохуйц бодлогын хүүтэй байна. Харин үүнийг дагаад арилжааны банкуудын зээлийн хүү жилд дунджаар 20 хувь байгаа. Төв банк бодлогын хүүг өндрөөр тогтоосноор арилжааны банкуудаас Төв банкинд татах мөнгөний хүүг өндөрсгөж байна гэсэн үг. Энэ тохиолдолд арилжааны банкууд мөнгөө өндөр хүүтэйгээр харьцангуй найдвартай буюу Төв банкинд байршуулна. Ингэснээр арилжааны банкуудаас гарах зээлийн хүү нэмэгдэж, зах зээлд зээл хэлбэрээр нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ багасдаг жамтай. Өөрөөр хэлбэл банк бага хүүтэй мөртлөө эрсдэлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллагуудад мөнгө зээлдүүлэхийн оронд Төв банкинд илүү найдах юм. Тийм учраас Төв банк бодлогын хүүгээ нэмэх нь зах зээл дэх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг харьцангуй багасгадаг. Ингэснээр инфляци буурах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

    Төв банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлэх нь ийнхүү нэг талаараа инфляцийг бага төвшинд барихад ач холбогдолтой ч эргээд бодит эдийн засагтаа дарамт болдог талтай. Учир нь бэлэн мөнгөний урсгал багасах эсвэл зээлийн хүү нэмэгдэх нь аж ахуйн нэгжүүдийн хувьд тийм ч таатай бус байх нь мэдээж. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа саармагжих бэлэн мөнгөний урсгал багасах нь эдийн засгийн хурдтай хөгжлийг удаашруулах нөхцөл болдгийг эдийн засагчид хэлж байна. Тийм ч учраас бодлогын хүүг өсгөх гэдэг арга хэмжээг эдийн засагчид ялангуяа бизнесмэнүүд төдийлөн таашаадаггүй. Гэвч инфляцийг бага төвшинд барьж, ард иргэдийн нуруунд очих дарамтыг багасгахын тулд бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүй гэж олон улсын байгууллагуудын шинжээчид хэлдэг билээ. Бодлогын хүү хэдий чинээ өндөр байна тус улсын мөнгөний бодлого төдийн чинээ хатуу байна гэсэн үг.

    3.7 Үнийн тогтвортой байдал?

    Үнийн тогтвортой байдал гэдэг нь мөнгө өөрийн үнэ цэнээ байнга тогтвортой хадгалж байхыг хэлдэг. Энэ нь мөнгөө цулуулж байгаад хэсэг хугацааны дараа ямар нэгэн юм худалдан авах үед маш чухал. Жишээ нь: чи мөнгөө цуглуулж 10 евро болгоод дуутай диск авах гэтэл нөгөөх чинь 12 евро болжээ. Дахиад цуглуулж байгаад 12 евро болгоод очтол дискний үнэ дахин өсөөд 14 евро болсон байвал чамд ямар санагдах болоо? Аз болоход юмны үнэ үргэлж тэлж өсөөд байдаггүй.



  • 4. Ханш

    4.1 Валютын ханш гэж юу вэ?

    Валютын ханш гэдэг нь үндэсний мөнгөн тэмдэгт бусад орны мөнгөн тэмдэгттэй харьцуулсан үнэ юм. Ханш нь байнгын хөдөлгөөнд оршин байдаг зах зээлийн тэнцвэржүүлэгч юм. Тиймээс ханшийн өсөлтийг барина гэдэг боломжгүй. Ханш уян хатан тогтох нь гадаад зах зээлийн гэнэтийн өөрчлөлтийн дотоодын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, экспортын болон дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дэмжих замаар урт хугацааны өсөлтөд эерэгээр нөлөөлнө.

    Валютын ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэхгүй байгаа үед төлбөрийн тэнцэл тогтворгүй болох, ханшийн хямрал, санхүү, эдийн засгийн хямралын эрсдэл нэмэгдэх, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар буурах, урт хугацаанд эдийн засгийн дархлаа суларч, байнгын тогтворгүй эдийн засагтай болох зэрэг сөрөг нөлөөтэй. Иймд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчмыг Монголбанк үргэлжлүүлэн баримтлах болно.

    4.2 Валютын ханшийн хэлбэлзэлд Монголбанк ямар арга хэмжээ авдаг вэ?

    Валютын ханшийн хэлбэлзэлд Төв банкнаас тодорхой хэмжээнд оролцоод ханшийн огцом хөдөлгөөнийг зөөлрүүлэх, саармагжуулах ажлыг хийж байгаа. Үүнд валютын дуудлага худалдааг тогтмол явуулж, зах зээлд валют нийлүүлдэг.

    Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Дуудлага худалдааны мэдээлэл манай цахим хуудсанд тухай бүр тавигддаг.

    4.3 Төгрөгийн ханшийн сулрал?

    Тухайн орны өрсөлдөх чадвар сул байгааг ханшийн сулрал илэрхийлж байгаа юм. Үйлдвэрлэгч бус хэрэглэгч орны эдийн засаг ханшийн нөлөөнд автах нь их. Тэр тусмаа өсөлттэй эдийн засагт ханшийн хэлбэлзэл өндөр байдаг. Тиймээс аль болох импортын хэт хэрэглээнээс зайлсхийх хэрэгтэй.



  • 5. Асуулт хариулт

    5.1 Хүүний коридор гэж юу вэ?

    Хүүний коридор гэдэг нь банк хоорондын захын хүүний хэлбэлзэх муж. Энэ бол зөвхөн хүүг төдийгүй түүний хэлбэлзэх мужийг тодорхойлдог орчин үеийн төв банкны арга хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл банк хоорондын хэлцлүүдийн хүү нь хүүний коридорын хүрээнд буюу 10.5-аас 14.5 хувийн хооронд хэлбэлзэнэ гэсэн үг. Ингэхдээ эдгээр хэлцлийн хүү нь хүүний коридорын төв буюу бодлогын хүү рүү ойрхон тогтох юм. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хүүний коридорыг нэвтрүүлснээр бодлогын хүүний нөлөөллийг нэмэгдүүлж чадсан.

    5.2 Эдийн засгийн мөчлөг гэж юу вэ?

    Аливаа улсын эдийн засаг байнга өсөлттэй байдаггүй бөгөөд унаж сэргэхийн аль алийг нь дамждаг байна. Эдийн засгийн мөчлөг гэдэг нь эдийн засгийн үйл ажиллагааны идэвхжилтийн өөрчлөлт юм. Идэвхжилт гэдэг бол тухайн улс орны бодит үйлдвэрлэл буюу улсын нийт ДНБ-ээр илэрхийлнэ. Гэхдээ эдийн засаг хэзээ унах, хэзээ сэргэх хугацааг таамаглах, тооцоолох хууль дүрэм байдаггүй. Энэ нь дэлхийн зах зээлийн төлөв байдал, тэргүүлэгч орнуудын эдийн засгийн уналт, сэргэлт, улс төрийн харилцаа зэрэг олон хүчин зүйлүүдээс хамаарна.

    5.3 Мөчлөгийн уналт, сэргэлтийн үе шатууд нь макро эдийн засгийн төлөв байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?

    Мөчлөгийн сэргэлтийн үед ажилгүйдэл буурч, уналтын үед өсдөг. Учир нь эдийн засгийн мөчлөгийн сэргэлтийн үед үйлдвэрлэлийн хэмжээ тасралтгүй нэмэгдэж хөдөлмөрийн нөөцийн ашиглалт улам бүр нэмэгдсээр байдаг бол уналтын үед үүний эсрэг үйл явц явагддаг. Харин инфляци мөчлөгийн дагуу өөрчлөгддөг зүйл бөгөөд эдийн засгийн мөчлөгийн сэргэлтийн үед хүн амын орлого өсч эрэлт нэмэгдсэнээр бараа бүтээгдэхүүний ерөнхий түвшинг нэмэгдүүлдэг. Ингэснээр эдийн засагт эрэлтийн инфляци үүсэх магадлал өндөртэй. Нөгөө талаас нөөцийн ашиглалт сайжирч сул нөөц багассанаар зардлын инфляци мөн өсөх хандлагатай байдаг. Харин уналтын үед ажил эрхлэлт буурч хүн амын орлого буурсанаар бараа бүтээгдэхүүний эрэлт буурч инфляци буурахад хүрдэг.

    5.4 Ипотекийн санхүүжилтийн ач холбогдол?

    Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгосноор Монгол Улс хэрэглээний эдийн засгаас хуримтлалтай эдийн засагт шилжих юм. Энэ нь нийгмийн дундаж давхаргын хуримтлал, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар дундаж давхаргын хүрээг тэлэх, бэхжүүлэх, хөтөлмөрийн зах зээлийн ил тод байдлыг сайжруулах, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Уг тоогтолцоо нь эргээд урт хугацаанд инфляцийг бууруулахад эерэгээр нөлөөлж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой зорилтыг хангах юм. 2014 оны Мөнгөний бодлогын хүрээнд Монгол банк үүнд ихээхэн анхаарч байна.

    5.5 Орон сууцны үнийн индекс гэж юу вэ?

    Амьдран суух зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг хэмжих ерөнхий үзүүлэлтийг орон сууцны үнийн индекс гэнэ. Тухайн сард зарагдсан орон сууцнуудын үнийн энгийн дундаж үзүүлэлтээс уг индекс ихээхэн ялгаатай. Орон сууц бүр чанарын хувьд өөр байдаг учраас индекс тооцохдоо эдгээр чанарын ялгааг нь хасч, цэвэр үнийн өсөлтийг авч үзэх шаардлагатай юм. Хүмүүс орон сууц худалдаж, худалдан авахдаа байрлал, ашиглалтад орсон хугацаа, талбай, өрөөний тоо, гадаад орчны тохижилт, хөршүүд, байрлах давхар, машины зогсоол, гараж, дотоод засвар хийсэн байдал, тэр ч байтугай цонх нь хаашаа харсан, урьд нь ямар хүн амьдарч байсан гэх мэт маш олон шинж чанарыг харгалзан үнээ тохиролцдог. Тиймээс орон сууцны үнэд шингэсэн эдгээр онцлог давуу тал бүрийн өртгийг хасч тооцож байж орон сууцны үнийн цэвэр өсөлтийг гаргана.

    5.6 Орон сууцны үнийн индексийг яагаад тооцох шаардлагатай вэ?

    Аливаа улс орны хуримтлагдсан капитал, баялгийн дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа иргэдийн эзэмшдэг орон сууц байдаг. Тиймээс энэ баялгийн үнэ хэрхэн өөрчлөгдөхийг тухайн баялгийн эзэд төдийгүй эдийн засгийн бодлого боловсруулагчид анхааралтай ажигладаг. 1970-аад оноос хойш хөгжингүй орнуудад тохиолдсон санхүүгийн зах зээлийн хамгийн том хямралууд бүгд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гажуудал буюу үнийн хөөсрөлтөөс үүдэлтэй байжээ. Иймээс үл хөдлөх хөрөнгийн үнийн өөрчлөлтийг цаг алдалгүй, үнэн зөв хэмжих асуудалд бодлого боловсруулагчид, санхүүгийн бизнес эрхлэгчид онцгой ач холбогдол өгөх болжээ. Мөн хэрэглээний үнийн индекс буюу инфляцийн тооцоонд орон сууцны үнийн өсөлтийг оруулж тооцдоггүй учраас орон сууцны үнийн индексийг зайлшгүй тооцох ёстой болдог. Орон сууцны үнийн индекс ямар байх нь эдийн засгийн янз бүрийн оролцогчдын үйл ажиллагаанд чухал нөлөөтэй байдаг. Жишээлбэл, орон сууцны үнэ өсвөл хувь хүмүүсийн хэрэглээний зардал, хэрэглэгчийн итгэл үүнийг дагаад нэмэгддэг бол орон сууцны үнэ унавал орон сууц барьцаалан зээл олгосон санхүүгийн байгууллагууд эрсдэлд ордог.

    5.7 Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн юу байсан бэ?

    Эдийн засгийг тогтворжуулах гэсэн том бодлогын хүрээнд бид 3 их наяд төгрөг эдийн засагт нийлүүлсэн. Харин үнэ тогтворжуулах хөтөлбөрт зөвхөн 600 орчим тэрбум төгрөгийн нийлүүлэлт, эргэлтийн хөрөнгө, хямд эх үүсвэрийг эдийн засаг руу оруулсан. Үр дүнгийн хувьд хүнсний үнийн өсөлт өмнөх 3 жилийн хувьд жилдээ 30%-д хүрч байсан бол энэ жил 9 орчим хувиар өслөө. Шатахууны үнийн өсөлт жилдээ 140-150 төгрөгөөр өсдөг байсан бол энэ жил өсөөгүй. Мөн түүнчлэн манай улсын инфляци сүүлийн 3 жилд дунджаар 13-14%-тай явж байсан бол энэ жил 9%-тай явж байна. Энэ нь өөрөө манай эдийн засаг иргэд, дундаж бага орлоготой иргэдийн зарцуулалт хэрэглээнд шууд нөлөөлж байгаа. Эдийн засгийн өсөлтийн хувьд энэ оны хагас жилийн байдлаар 11%-ийн өсөлттэй байв. 2013 онд эдийн засгийг тогтворжуулах эх үүсвэр эдийн засагт нийлүүлэгдээгүй байсан бол нийт эдийн засгийн өсөлт хасахтай гарах байсан тооцоо судалгаа бий.

    5.8 Төсөв гэж юу вэ?

    Төсвийн орлого нэмэгдлээ, төсөв алдагдалтай гарлаа, цаашлаад ирэх оны төсвийг тэдэн төгрөг байхаар баталлаа гэх зэргээр төсөв тойрсон асуудлууд ихээхэн яригддаг. Харин төсөв гэж юу болох хаанаас үүсэлтэй талаар Н.Урандарийн блогт ийн тайлбарлажээ.

    Дэлхийд анх удаа Англи улс төсөв зохиож түүнийгээ хууль тогтоох байгууллагаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 1686-1689 оны Английн хөрөнгөтний хувьсгалын дараа олон нийтийн шаардлагын дагуу Английн хатан хаан арга буюу ард иргэдээс авах татварын хэмжээг парламенттай зөвшилцөн тогтоосон байна. Төр засгийн зүгээс өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэхийн тулд иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж, түүнийг үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус хүрээний хэрэгцээнд зориулан дахин хуваарилахтай холбогдсон мөнгөний харилцааг төсөв гэнэ. Хэлбэрийн хувьд төсөв нь орлого, зарлагын төсөвлөсөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд жил бүр хууль тогтоох дээд байгууллагаар түүнийг баталснаар төсөв нь хуулийн хүчин төгөлдөр санхүүгийн баримт бичиг болно. Төсвийн бүтцийг бүрдүүлж байгаа улсын ба орон нутгийн нэгж, хэсгүүдийн төсвийн тогтолцоог төсвийн систем гэнэ. Төсвийн бүтцийг хуульчлан тогтоох ба түүнд төсвийн ангилал, төсвийн эрх, төсвийн тодотгол зэрэг ойлголтууд хамаарна. Мөн төсвийн бүтцэд орлого, зарлагыг улсын болон орон нутгийн төсвийн хороонд хуваарилах, төсвийн тэгшитгэл хийхтэй холбогдсон асуудал орно. Төсөв зохиох, батлах, түүнийг хэрэгжүүлэх талаар төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын эрх, үүргийг хуульчлан тогтоохыг төсвийн эрх гэнэ.

    Төсвийн систем, төсвийн бүрэлдэхүүн нь тухайн улсын төрийн байгуулалтын тогтолцооноос шууд хамаарна. Бүгд найрамдах улсад нэг үндсэн хууль үйлчилж, төр захиргааны болон эрх зүйн нэгдсэн тогтолцоотой байдаг ба төсвийн систем нь улсын ба орон нутгийн гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Монгол улс нь Бүгд найрамдах засаглал бүхий улс учир Монгол улсын төсөв нь улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвөөс бүрдэнэ. Төсөв нь төр, засгийн зүгээс эдийн засгийн үйл амьдралд хөндлөнгөөс оролцох нэг зэвсэг болдог байна. Үндэсний орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэн түүнийг төрийн бүх шатны албан хаагчдын цалин хөлс болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах, эдийн засгийн тодорхой салбарт хөрөнгө оруулалт хийх, шинжлэх ухааны тодорхой салбарыг дэмжих зэргээр төрөөс эдийн засгийн амьдралд төсвөөр дамжуулан оролцдог. Мөн шинэ зах зээл олж авах, зарим салбарт гадаад орнуудтай өрсөлдөх, өөрийн найдвартай түнш орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр гадаад орны эдийн засагт хөндлөнгөөс оролцоход төсөв чухал үүрэг гүйцэтгэнэ.

    5.9 Дотоодын нийт бүтээгдэхүүн гэж юу вэ?

    Дотоодын нийт бүтээгдэхүүн, Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг хоёр чухал ойлголт байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний энгийнээр тайлбарлавал Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй нэгжүүд, иргэд нэг жилийн хугацаанд шинээр хийсэн бүх бүтээгдэхүүн үйлчилгээг давхардуулан тооцолгүйгээр тооцож, бүх бүтээгдэхүүний үнийг нэмж гаргаж ирэхийг хэлнэ. Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг тухайн орны оршин суугчдын хөдөлмөр болон хөрөнгөөр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнэлгээний нийлбэрийг хэлнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ихэслээ гэж ярьдаг. Түүний хэмжээг мөнгөөр илэрхийлэхээс өөр аргагүй. Тариаланчид нэг тонн улаанбуудай хураалаа, барилгачид тэдэн давхар барилга барилаа гэхэд энэ хоёрын хооронд давхар тооцоо ороогүй. Өөрөөр хэлбэл бие биенийхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэлгээг гаргаж ирнэ. ДНБ-ийг үйлдвэрлэлтийн, ашиглалтын, хуваарилалтын гэсэн гурван аргаар тооцдог.

    5.10 Төгрөгийн орлоготой, ам.долларын зээлтэй иргэд, аж ахуйн нэгжийн валютын ханшны өсөлтөөс гарах эрсдлийг бууруулах талаар Монголбанк ямар арга хэмжээ авах вэ?

    Валютын ханшийн ирэх жилийн нөхцөл байдлын талаархи прогнозыг Монголбанк тогтмол хийдэг. Үүнийг бид олон нийтэд мэдээллэдэггүй. Хуулийнхаа хүрээнд Монголбанк уян хатан ханшийн тогтолцоотой байх ёстой. Төгрөгийн орлоготой, ам.долларын зээлтэй байгаа хүмүүсийн эрсдэлийг нь хаадаг механизмыг 2013 онд шатахуун импортлогчид дээр анх удаагаа хэрэгжүүллээ. Шатахуун импортлогчидод үр дүнгээ өгч шатахууны үнийн хэт өсөлт ажиглагдахгүй байна. Цаашид энэ төрлийн механизмыг үргэлжлүүлэхээр 2014 оны мөнгөний бодлогод тусгасан. Бусад аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлэх арга хэмжээг авна. Энэ нь аж ахуйн нэгжүүдээ валютын ханшны эрсдэлээс хамгаалахаас гадна валютын ханшийн хөдөлгөөнөөр дамжин орж ирэх инфляцийг онилох чухал арга хэмжээ юм.

    5.11 Төв банк, Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос гаргадаг үнийн статистик байнга зөрдөг?

    Энэ огт тийм биш. Үнийн албан ёсны тоо мэдээллийг зөвхөн ҮСХ гаргах эрх, үүрэгтэй. Харин Монголбанк ҮСХ-ноос гаргасан албан ёсны мэдээлэл дээр тулгуурлан дотоод хэрэгцээндээ тулгуурлан суурь инфляци гэсэн үзүүлэлтийг тооцон гаргадаг. Дэлхийн төв банкууд мөнгөний бодлогоо боловсруулахдаа суурь инфляци гэсэн үзүүлэлтийг түгээмэл хэрэглэдэг.

Дээш буцах