Буцах

Банкны үйл ажиллагаанд хяналт тавих

  • 1. Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл банкинд олгох, түүний өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах болон үйл ажиллагааг нь зохицуулахтай холбогдсон дүрэм, журам шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
  • 2. Банк байгуулах, зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг хүчингүй болгох, хязгаарлалт хийх, шаардлага тавих, хяналт шалгалт хийх, банкинд албадлагын арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна.

/ Төв банкны тухай хуулийн 19-р зүйл /

2012 онд банкны системийн нийт активын хэмжээ 11.4 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 их наяд төгрөгөөр, нийт зээлийн өрийн үлдэгдэл 6.8 их наяд төгрөгт хүрсэн нь 1.4 их наяд төгрөгөөр, өөрийн хөрөнгө 1.3 их наяд төгрөгт хүрсэн нь 0.4 их наяд төгрөгөөр, нийт хадгаламж 5.0 их наяд төгрөгт хүрсэн нь 0.6 их наяд төгрөгөөр тус тус өссөн, чанаргүй зээлийн хэмжээ 148.0 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.6 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 691 дүгээр тушаалаар банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны доод хэмжээг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 25.0 хувь болгон нэмэгдүүлэв.

Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 726 дугаар тушаалаар “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ыг шинэчилж банкуудын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор банкны өөрийн хөрөнгийн зохистой харьцааны доод хэмжээг 12.0 хувь, системийн нөлөө бүхий банкуудад нэмэлт өөрийн хөрөнгийн хэмжээ тогтоож 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 13.0 хувь, 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 14.0 хувь болгон шат дараалан нэмэгдүүлэх шаардлага тавин ажиллаж байна.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах, санхүү төлбөрийн чадварыг дээшлүүлэх, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг найдвартай байлгах зорилгоор Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 404 дүгээр тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоож 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор 16.0 тэрбум төгрөгт хүргэх шийдвэр гаргасан бөгөөд энэ тушаалын хэрэгжилтийг хангах зорилготой ажиллаж байна.

Одоо үйл ажиллагаа явуулж буй 14 банкны нэр, цахим хуудасны хаяг:


Дээш буцах